Залуус нийслэл хотдоо өөрийн хувь нэмэрээ орууллаа


"НИЙСЛЭЛИЙН ХӨГЖИЛ БА МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ОНОВЧТОЙ ШИЙДЭЛ" уралдаан нь 1 сарын хугацаатай www.mit.mn сайтад шууд явагдаж нийтдээ 164 бүтээл ирсэнээс шилдэг 13 бүтээлийг шалгаруулж нийслэлийн шийдвэр гаргах түвшиний албан тушаалтангуудаар эцсийн шүүлтийг хийлгэж 1-3 байрыг тодруулсан ба ЮНИТЕЛ Корпорацийн ID бренд 4-р байранд орсрн бүтээлд өөрийн нэрэмжит шагналаа өгхөөр болсон.

Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Нийслэлийн засаг даргын тамгын газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, Мобиком Корпораци, ЮНИТЕЛ Корпораци, Монгол Контент ХХК, Даяар Групп ХХК, НЬЮ РАДИАНС ХХК болон экспертүүд нийт оролцогчдод гүн талархалыг илэрхийлж байна.

Мөн www.mit.mn сайтыг хийхэд өөрсдийн зүрх сэтгэлээ зориулан ажилласан WebStore LLC компани захирал С. Баярсайхан програмист Батмөнх, Бэлбаяр дизайнер Саруулд гүн талархал илэрхийлж байна.

Уралдааны шилдэг 13 ба байр эзэлсэн бүтээлүүдийг бизийн эрхэм хэрэглэгч та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна.

Уралдааны нэгдсэн дүн

1. Нийслэлийн гудамж замын гэрэлтүүлгийг зайнаас тогтмол тасралтгүй /real-time/ хянаж удирдах систем.

2. Хурууны хээ болоод царай таних технологоор өвчний түүх болон хэрэгцээт мэдээлэл хүлээн авах.

3. Semantics /Симантикс/ дээр суурилсан мэдээлэлийн систем.

4. Virtual street of Ulaanbaatar.

5. Автомашинд жил бүр наадаг 2011 тэмдэгт RFID таг суулгах.

6. Мэдээлэгчтэй машинтай хот.

7. Бүрэн цахим Улаанбаатар бий болгоё.

8. Нарны гэрлээр ертөнцийг харцгаая.

9. Төрийн цахим үйлчилгээний хувьчлал.

10. Нийслэлийн автобусны буудлуудыг сайжруулах электрон самбар.

11. Iphone, Google Android , Smart Phone-ы UB Guide Application.

12. Шуурхай албадын зохион байгуулалтын систем.

13. Ухаалаг гэрлэн дохио.

Энэхүү уралдаан нь онлайн орчинд зохион байгуулагдсанаараа онцлог болсон бөгөөд уралдааны нэгдүгээр шатанд энэ салбарын төлөөлөл болсон экспертүүд ажиллаж үнэлгээ өгсөн бол хоёрдугаар шатанд Нийслэлийн асуудал эрхэлсэн 10 шүүгч өөрсдийн үнэлгээгээ өгч шилдгүүдийг шалгаруулсан юм.

Уралдааны шагналын сан нь:
- 1 байр - Өргөмжлөл 1.500.000 төгрөг
- 2 байр - Өргөмжлөл 1.000.000 төгрөг
- 3 байр - Өргөмжлөл 500,000 төгрөг
- Тусгай байр - Юнител компани, залуусын ID брендийн нэрэмжит шагнал

Эхний дөрвөн байрны ялагчид болон шилдэг 13 шийдлийн эздэд баяр хүргэе.

УРАЛДААНЫ 1-Р БАЙР
Оролцогч Уламбаяр. Убаши-Системс ХХК-г үүсгэн байгуулагч

Нийслэлийн гудамж замын гэрэлтүүлгийг зайнаас тогтмол тасралтгүй (real-time) хянаж удирдах систем

Шийдэл:

Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан нийслэлийн гэрэлтүүлгийг зайнаас
• зохистой удирдах,
• оновчтой тохируулах,
• шуурхай оношлох,
• эрчим хүчний зарцуулалтад хяналт тавих,

Зорилго:

УБ хотын гэрэлтүүлгийн тохиргоог автоматжуулах, утасгүйгээр мэдээлэл дамжуулах технологи болон програм хангамжийн тусламжтайгаар зайнаас оношлох, зөв зохистой удирдах, хянах боломжтой болсноор гэрэлтэй гэгээтэй аюулгүй амар тайван нийслэлийг бий болгохыг зорино.

Жишээлбэл замын чийдэн шатсан тохиолдолд шалтгаан нь эрчим хүчний эх үүсвэрээс ирж буй гүйдэл, хүчдэлээс хамааралтай юу, эсхүл удирдах самбар дотор аль нэг чиглэлд гэмтэл гарснаас болсон эсэхийг тоон трансдюсэрээр хэмжиж утасгүй технологиор мэдээллийг дамжуулснаар түргэн шуурхай оношлож, цаг алдалгүй засварлах боломжтой болно.

Гудамж замын гэрэл нь бүрэн бүтэн тогтмол гэрэлтүүлж байвал та бидний аюулгүй байдал, тухайлбал авто тээврийн осол аваараас урьдчилан сэргийлэх, бууруулах нөхцөлийг бүрдүүлж амгалан тайван амьдралд эерэгээр нөлөөлөх учиртай.

УБ хотын гэрэлтүүлгийн өнөөгийн байдал:

УБ хотын гэрэлтүүлэг хангалтгүй түвшинд байгааг та бид анзаарч байсан ч, нэгэнт дасал болжээ. Одоогоор нийслэлийн гэрэлтүүлгийг тодорхой түвшинд тогтмол асаж байгаа эсэхийг хянах төхөөрөмж байдаггүй, хяналтын систем нь “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК-ийн ажилчид биечлэн шалгах, иргэдийн мэдээлэл дээр үндэслэсэн байдалтай байна.
Нийслэлийн ЗДТГ-н харьяа “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК нь УБ хотын гудамж замын гэрэлтүүлгийг 300-400 удирдах самбар буюу шкафнаас тогтоосон цагийн горимоор 5-7 хоног тутам шкаф тус бүрд гар аргаар тохируулж, хянаж байдаг.

Үүнээс гадна нийслэлийн гэрэлтүүлгийн эрчим хүчний төлбөрт жилдээ 300-400 орчим сая төгрөг төлдөг байна. Энэхүү зарцуулалт нь зохистой эсэхийг тодорхой тооцоолсон тоо баримт байхгүй байна.

Убаши-Системс ХХК-ийн дэвшүүлж буй шийдэл:

УБ хотын гэрэлтүүлгийг тодорхой түвшинд хангах, утасгүй технологи ашиглан алсын зайнаас удирдах, тохируулах, хянах шийдлийг энд танилцуулж байна.
• Гудамж замын гэрэлтүүлгийн асаалт унтраалтын тохиргоог шкафнаас гар аргаар тохируулдаг явдлыг автоматжуулах, зайнаас утасгүй технологи ашиглан компьютерын програм хангамжийн тусламжтайгаар хянах, удирдах,
• Удирдах самбар ажиллахгүй байгаа нөхцөлд гэмтлийн шалтгаан нь эрчим хүчний эх үүсвэртээ байна уу, эсхүл шкаф дотроо гэмтэл гарсан эсэхийг тоон трансдюсэрээр зайнаас оношлох,
• Тухайн чиглэл дэх сүлжээний ачааллыг тогтмол тасралтгүй (real-time) хянаж, цахилгаан эрчим хүч хулгайлагдаж байгаа эсэхийг илрүүлэх боломжтой

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс үзнэ үү?

https://sites.google.com/site/ubashisystems/products/hardware/ss-221


Энэ шийдлийг хэрэгжүүлснээр нийслэлийн гудамж замын гэрэлтүүлэх чийдэнг утасгүй технологиор алсаас удирдаж, тогтвортой гэрэлтүүлэлт, эрчим хүчний үр ашигтай зарцуулалтыг хангаcнаар эдийн засгийн хувьд бодит хэмнэлт гаргах боломжтой. Тодруулбал:
• Гэрэлтүүлгийн асах, унтрах цагийн горимын үйл ажиллагааг компьютерын автомат системээр удирдана.
• Орчин үеийн технологийг ашиглан зайнаас гэрэлтүүлгийн үйл ажиллагааг уян хатан тохируулж, удирдсанаар эрчим хүч хэмнэж, цахилгааны хулгайг илрүүлэх боломжтой.
• Шатсан гэрэл, гэмтэлтэй цэгийг систем дээр тогтмол (real-time) хянаснаар судалгаанд үндэслэсэн засварын ажлын төлөвлөлт оновчтой болж, үр дүн эрс сайжирна.
• Нийслэлийн төсвөөс эрчим хүчний зардалд гарч буй зардлыг бууруулна.
• Хотын гэрэлтүүлгийг тогтвортой, тодорхой түвшинд хүргэнэ.
• Тогтмол гэрэлтүүлэгтэй нийслэл болж иргэд тохь тухтай, сэтгэл хангалуун амьдрах боломж бүрдэнэ.


УРАЛДААНЫ 2-Р БАЙР
Оролцогч Өлзий. ШУТИС-МХТС-ийн оюутан

Хурууны хээ болоод царай таних технологоор өвчний түүх болон хэрэгцээт мэдээлэл хүлээн авах

Улаанбаатар хот ойролцоогоор 1 сая хүн амтай. Яг одоо иргэний шинэчилсэн бүтгэл явагдаж байгаа бөгөөд хурууны хээ болоод цээж зураг авч бүртгүүлж байна. Тэр өгөгдлийн санд хандах эрх тодорхой хүрээний байгууллагуудад нээлттэй байвал, мэдээлэл технологижсон хот болох өргөн боломжууд нээгдэж байна. Заавал картаар бус хурууны хээгээр таньж нууц үгээ оруулснаар ATM-аар үйлчлүүлэх, мөн гэмт хэргийн болоод шаардлагатай тохиолдолд хэн болохыг танихын тулд царай таних технологи ашиглан ажлаа хөнгөвчилж болох бүрэн боломж байна. Эмнэлэгт хүргэгдэж ирсэн хүний нүүрний зураг болоод хурууны хээг ашиглан таниулж бүх өвчний түүх болоод цусны бүлэг, харшил, антиботик мэдрэмж гэх мэтчилэн нэн тэргүүнд хэрэгтэй мэдээллүүдийг эмч нар цаг алдалгүй авбал хүнд зөв эмчилгээ, эмнэлэгийн анхны тусламжийг амжилттай үзүүлэх олон хүний алтан амийг аврах боломжтой учраас үүнд тохирсон боловсронгуй бөгөөд маш богино хугацаанд ашиглаж болох мэдээллийг яаралтайгаар авах систем бий болгох нь чухал ач холбогдолтой юм.

Зураг: хурууны хээ 1

Энэ нь цаашид нийтийн тээвэр, бүртгэл, татвар гэх мэтчилэн асар өргөн боломжууд гарна. Миний төсөөллөөр бол Жишээ нь:
Эрх бүхий цагдаагийн ажилтан хэрэгтэнг таних шаардлага гарахад тусгай төхөөрөмж, PDA бүр байя гэхэд гар утсаа ашиглан нүүрний зургийн дараад түүнийгээ WiFi эсвэл 3G гэх мэт өгөгдлийн сүлжээгээр дамжуулан бүртгэл бүхий серверт илгээнэ. Сервэр зурганд боловсруулалт хийгээд МУ иргэний бүртгэлээс хайж олох ба ерөнхий мэдээлэл буюу овог нэр регистрийн дугаарыг авч түүнийг ЦЕГ-ийн хэрэг бүртгэлийн серверт хандаж хэрэгцээт мэдээллийг буцаан мессэж, тусгай албаны суваг, и-мэйл г.м маш олон байдлаар хүлээн авч болох юм. Ингэснээр асуудлыг шийдвэрлэхэд цаг хугацаа хожих зэрэг олон талын ач холбогдол араасаа дагуулна.

Технологийн хувьд олон хүн хандах, түргэн боловсруулалт хийхэд grid computing ашиглан. Буруу таних магадлалтай бөгөөд үүнийг тухайн хүний серверт илгээгдэн ирж байгаа зургийг тухай бүрт нь нэмж түүнд боловсруулалт хийж өөрөө өөрийгөө хөгжүүлэх, neural networking зэрэг технологууд ашиглах юм.

Зураг: Хурууны хээ 2

Өгөгдөлийн сангийн зохион байгуулалтын хувьд Монгол улсын иргэний бүртгэл түүнээс салаалсан эрүүл мэндийн, хүчний, бусад хувийн секторууд гэж ангилж болох юм. Аюулгүй байдлын талаас зөвхөн эрх бүхий хуулийн этгээд зөвхөн өөрт хамаарах өгөгдлийн санд хандах юм.
Үүнийг улс орон болгон өөр өөрсдийн мэдээлэл технологийн хөгжлийн хүрээнд ашиглаж байгаа. Манайхан өөрсдөө хөгжүүлэх цаг болоод техних технологийн тохироо нь яг таарсан үе гэж би бодож байна. Дээрхи асуудлуудыг шийдвэрлэхийн тулд түүнийг хэрэгжүүлэх олон практикийн арга замыг хайж дараах схем системийг боловсрууллаа. Үүнийг цаашид улам боловсронгуй болгож алба ажил практикт хэрэглэвэл улс орны хөгжилд тус нэмэр болно гэдэгт итгэж байна. Энэхүү саналыг хэрэгжүүлэхэд системийн болон дундын хэд хэдэн програмыг хөгжүүлэхийн тулд одооноос эхлэн боловсруулах шаардлагатай бөгөөд үүнд чадварлаг мэргэжлийн баг бүрдүүлэх хэрэгтэй.
Анхаарал хандуулан миний чадан ядан хийсэн судалгааны ажлын хураангуйг уншсан та бүхэнд баярлалаа.


УРАЛДААНЫ 3-Р БАЙР
Оролцогч Түвшинтөр. Мобиком корпораци

Semantics /Симантикс/ дээр суурилсан мэдээлэлийн систем

Товч агуулга

Бид интернэтийг юунд ашигладаг вэ? Бид мэдээлэл хайдаг, өөрсдөдөө хэрэгтэй мэдээлэлээ хайдаг. Түүндээ бид асар их цаг хугацаа зарцуулж байгаагаа мартдаг. Мэдээлэлийг хайх гэдэг бол интернэт дэхь хамгийн их хэрэглэгддэг үйлдэл бөгөөд мэдээллийн тоон хэмжээ өсөх тусам хайлтын хүсэлтэнд тохирсон сайн мэдээллийг олох хэцүү болдог. Xурдан шуурхай сайн чанартай мэдээлэл олох гэдэг нь өнөөдөр мэдээлэлийн технологийн тулгамдсан асуудлын нэг болжээ. Хэрвээ нилээд тодорхой асуудал руугаа орвол ямар мэдээлэлийг ямар нарийвчлалтай хайх вэ гэдэг асуудал үүснэ! www.mit.mn дээр гарч байгаа мэдээлэл өгөх олон санаануудын үндэс нь мэдээлэлийн ба хайлтын систем юм.

Иймээс онолын үндэслэлтэй технологийн дэвшилттэй, өргөн цар хүрээтэй мэдээллийн систем хийвэл ийм олон санаануудыг хэрэгжүүлэх давуу талтай тул semantics /симантикс/ дээр суурилсан мэдээлэлийн систем бүтээх санааг дэвшүүлж байгаа юм.

Идэвхижүүлэлт /Motivation/

Google өнөөдөр хайлтын ертөнцийг яах аргагүй эзэлж байна. Дараагаар нь Yahoo болон Bing oрж байна. Үнэндээ эдний эзлэх хувь Google-тэй харьцуулашгүй. Сүүлийн жилүүдэд манай урд хөрш Xятад улсад Baidu хэмээх хайлтын систем гарч нилээд амжилттай ажиллаж байна. Xятадын засгийн газраас Google-ийн үйл ажиллагааг сайтар дэмжээгүйгээс www.baidu.com -ын зах зээлд эзлэх хувь сүүлийн жилүүдэд эрс өслөө. Азийн орнуудаар ч нэлээн тархах хандлага бий боллоо.

Технологийн хувьд Google-тэй адил фүүлтекст хайлтын систем, Xятадын засгийн газрын дэмжлэгтэй энэ систем өөрийн улс орны мэдээлэлийг эмх цэгцтэй анхнаас нь зохион байгуулалттай удирдаж оруулсанаар, Xятад хэл дээр хайлтыг хийснээр яах аргагүй Google-ээс хайгаад олдоггүй мэдээлэлийг baidu.com-ooс олж байна. Улс орон өнөөдөр Google-ээс хамааралгүй өөрийн гэсэн үндэсний хайлтын систем болон мэдээлэлийн систем бий болгох чиглэлийг харгалзан үзээд энэхүү системийг танилцуулж, та бүхний мэргэн санаа, оюунлаг шүүмжлэлийг авах гэсэн юм.

Хамааралтай ажлууд

Google, Yahoo, Bing болон Baidu нь бүгд фүүлтекст хайлтын системүүд. Yahoo болон Bing нь симантик технологийг хэрэглэх судалгааны төсөл хийж байгаа. Манай улсын хувьд www.gogo.mn нь Мicrosoft-н хайлтын фунцуудыг ашиглаж байгаа фүүлтекст хайлтын систем. Энд танилцуулж байгаа систем нь симантик технологийг хэрэглэж байгаагаараа ялгаатай, дэвшилттэй юм.

Шийдэл

Онтологи гэж нэрлэдэг мэдлэгийг (knowledge) загварчилах арга зүйн тусламжтайгаар системд орж байгаа бүх өгөгдөлд мэта-дата гэдэг мэдлэг нэмнэ. Энэ үйл ажиллагаа автоматаар болон хагас автоматаар хийгдэж болно. Энэ талаар онолын судалгаа нилээд их хийгдсэн, бий болсон шалгарсан технологи программ хангамжууд бий. Орсон мэдээлэлийг фүүлтекст болон онтологи рийзонинг (ontology reasoning) техникүүдийг холбож хайлт хийнэ. Хайлт нь хэрэгцээнээсээ хамаараад мэта-дата буюу шууд объект дээр нь хайлт хийх гэсэн хоёр гол горим дээр явагдана. Мэта-дата түвшин нь болохоор бүх төрлийн мэта-дата-г ашиглаж рийзонингийн тусламжтай хайлтийг гүйцэтгэнэ. Объект дээр шууд хийж байгаа хайлтын горим нь фүүлтекст хайлт зарчимаар ажиллана. Хэрэгцээнээсээ хамаараад энэ хоёрыг холбож, өөр горимуудийг бий болгож болно. Дэлгэрэнгүй судалгааг дараахаас авна уу: www.semanticweb.mn

Үр өгөөж

Танилцуулж байгаа хайлтын үндсэн системийг ном, сурах бичиг, архивласан материал, хүн амын бүртгэл, эрүүл мэндийн салбар, улсын статиск мэдээ гэх мэт мэдээллийн систем шаардлагатай улс орны бүхий л салбарт ашиглаж болно.
Өөрөөр хэлбэл зөвхөн нэг салбарт мэдээлэлийн систем бүтээхэд их хөрөнгө зарах бус, шинжлэх ухааны үндэслэлтэй, технологийн дэвшилтэт өргөн цар хүрээтэй, дэлхийн стандартыг баримталсан орчин үеийн мэдээлэлийн үндсэн энэхүү системийг бүтээвэл, олон салбар үйлчилгээнд хувилан хэрэглэх эдийн засгийн давуу талтай юм.


УРАЛДААНЫ 4-Р БАЙР
Оролцогч Наранбаатар. Виртуал контент хөгжүүлэгч

Virtual street of Ulaanbaatar

Үндэслэл:

Улаанбаатар хотын хаягжилтын систем эмх замбараагүй байгаагаас үүдээд нийгмийн бүхий л салбарын хөгжилд тодорхой хэмжээний түгжрэл үүсгээд байна аа.
Тиймээс:
• Цагдаа
• Түргэн тусламж
• Гал унтраах анги
• Хүргэлтийн үйлчилгээнүүд
• Онлайн компаниуд
• Такси
• Жуулчид
• Хөдөөнөөс Улаанбаатар хотод ирэгсэд
• Өөрийн сайн мэдэхгүй хотын нэгэн хэсэгт очих гэж буй хүмүүст хэрэглэхэд хялбар бодит дүрслэл бүхий виртуал хаягжилтын систем хэрэгтэй байна.
Шийдэл:

Нийслэл Улаанбаатар хотын бүхий л гудамжаар Google Street trip(View)–шиг бодит дүрслэл (3D) байдлаар хулганаа чирэн эргэн тойрноо эргүүлэн харж, хүссэн чиглэлээр аялангаа, хулганынхаа тусламжтайгаар харж буй байшин, барилга, байгууламжийнхаа талаарх товчхон мэдээлэл (Хаяг, Embed code, Утас, Цагийн хуваарь гэх мэт товчхон мэдээлэл)–ийг хоромхон зуур хүлээн авч болно.

Мөн таны яг зогсож байгаа цэг ойр орчны газрын зураг дээр зөөгдөн тодорхой тэмдэгтээр харагдах ба та уг тэмдэгтийг чирж газрын зураг дээр дурын газруудаар чирэхэд дээгүүр өнгөрөх гудамжны тодорхой фото зураг жижиг байдлаар харагдах ба та хүссэн газраа чирч аваачаад тавихад уг газарт 3D байдлаар аялалаа үргэлжлүүлэх болно.
• Газрын зургийг чирч, zoom 4 level ээр харах боломжтой.
• Байгууллагуудын нэрээр хайх.
• Байгууллагуудыг үйл ажиллагааны төрлүүдээр ангилсан лавлагаанаас харж, хаяг, байршлыг 3D байдлаар үзэх, аялах боломжтой.
• 3D дүрслэл дээрээ текстэн болон аудио, видео, анимашин рекламыг байрлуулж нэмэлт санхүүжилт олох боломжтой.
• Интернэтэд холбогдсон Flash Player 9.0 болон түүнээс дээш хувилбар дэмждэг бүх төрлийн төхөөрөмжүүдэд /iPhone, Smart Phone, iPad, iPod, Google Android system, touch screen гэх мэт/ хэрэглэх боложмтой.
http://www.youtube.com/watch?v=SEDysEVpqg8 хаягаар орж видео байдлаар хараарай. Үүнээс гадна дээрхи виртуал хаягжилттай уялдаа холбоотой ажиллах боломжтой виртуал шийдлээр туршиж хийж үзсэн хэдэн санаанууд байна:

1. Виртуал хотхон – Баригдах гэж буй болон баригдаж буй барилгыг дээрх 3D хотдоо баригдсан байдаар нь харуулж, уг барилга баригдсаны дараах бодит дүрслэлийг үзүүлнэ. http://www.youtube.com/watch?v=N0Kf6tJkSGs хаягаар орж видео байдлаар хараарай.
2. Виртуал ресторан, зочид буудал – Бодит дүрслэлээр доторх тохижилт, интерьерийг харуулахаас гадна, хоолны цэс, өрөөн доторх хэрэгсэлүүдийн талаарх мэдэлээллийг харуулдаг http://www.youtube.com/watch?v=j2uvrd62WqI хаягаар орж видео байдлаар хараарай.
3. Виртуал модель – Өөртэйгөө адил модель үүсгэн, хувцаснуудаас сонгож өмсгөж үзэн, эргүүлж тойруулан харах боломжтой. Мөн өөрийнхөө фото царайг оруулж болно. http://www.youtube.com/watch?v=XpE8Vli8p4Q хаягаар орж видео байдлаар хараарай.
4. Виртуал интерьер – Гал тогоо, зочны өрөө болон дурын өрөөнийхөө интерьерийг өөрөө үүсгэж харж, хүсвэл яг ийм байдлаар захиалан хийлгэх боломжтой. http://www.youtube.com/watch?v=oiOrrZrObXc хаягаар орж видео байдлаар хараарай.
5. Виртуал уншлагын танхим – Дурын ном сэтгүүл, зурагт хуудас, зэргийг яг хуудсыг нь гараараа барьж эргүүлж, томруулж, хэвлэж, хуудас дээр зурагны оронд видео байдлаар үзэх гэх мэт өргөн боломжуудтай. http://www.youtube.com/watch?v=72UEy0ByMPE хаягаар орж видео байдлаар хараарай.
Дээрх саналыг дэвшүүлээд орхих биш бодит ажил болгон хийхийг зорьж байна аа.
KT: Бусад шилдэг шийдлүүдийн хувьд автомашины үзлэгээр олгодог цаасан тэмдэгтийг цахим болгож, түүнээс замын цагдаа нар шаардлагатай мэдээллээ авдаг байх, төрийн үйлчилгээг цахимжуулж, түүнийгээ хувьчлан хувийн компаниудад даатгах, автобусны буудлуудад электрон самбар байрлуулж ямар чиглэлийн автобус тэнд зогсож, ямар маршрутаар явдгийг байнга мэдээлж байх, гал команд, түргэн тусламж зэрэг шуурхай албадын үйл ажиллагааг улам сайжруулахын тулд мэдээллийн технологи ашиглан зохион байгуулалтын системд оруулах, гэрлэн дохиог ухаалаг болгож цагын ялгаатайгаар ажиллуулан замын түгжрэлийг шийдэх гэх мэт олон санааг тусгасан байлаа.

Та бүхэн уралдаанд ирсэн бусад шийдлүүдийг www.mit.mn хэмээх албан ёсны сайтаас сонирхож уншиж болно.

Аутсоурсинг гэж юу болох, түүний төрөл зүйл


Аутсорсинг гэдэг нь томоохон компаниуд өөрсдийн дагавар үйлчилгээнүүдээ хямд ажиллах хүч, татвар багатай улс оронд байрлуулж интернет ашиглан ажил үйлчилгээгээ эрхлэхийг хэлдэг. Энэ нь тухайн компанид асар их зардал хэмнэхээс гадна байрлуулж буй улс орны иргэдийг өндөр цалинтай ажлын байраар хангах, ихээхэн хэмжээний татвар төлөх, технологийн шинэ хөгжилтэй танилцуулах зэрэг утгаараа нэлээдгүй ашигтай байдаг.

Аливаа байгууллага зардлаа хэмнэж, бага зардлаар илүү өндөр бүтээмжийг бий болгох, үр ашигтай ажиллахыг үргэлж зорьж байдаг. Тэгвэл эндээс аутсорсинг гэдэг ойлголт анх гарч ирсэн. Outside resourcing гэдэг үгнээс гаралтай энэхүү үйл ажиллагаа, үзэгдэлийг эрдэмтэд маш олон янзаар тодорхойлсон байдаг.

- Канадийн үндэсний бизнесийн мэдээллийн зөвлөх Ранди Сойфер - “бүтээгдэхүүн болон үйлчилгээгээ өөрийн боломжоор хийснээс илүү чанартай, хурдан хийлгэхийн тулд гадны гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахыг хэлнэ”

- “Global sourcing issues paper” сэтгүүлд - “байгууллага өөрийн хийдэг зарим ажил үйлчилгээгээ гадны агент буюу бизнесийн байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх үйл ажиллагаа бөгөөд тэдгээр ажлууд нь богино хугацаанд гүйцэтгэгддэг, эсвэл байгууллагын хувьд шинэ ажлууд байдаг”

- МШХХТГ - “аутсорсинг гэдэг нь мэдээллийн технологийн давуу талд тулгуурлан дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас тоон хэлбэрт шилжүүлж болох бараа, ажил үйлчилгээг зайнаас хийж гүйцэтгэхийг хэлнэ”

- МТҮП - “аутсорсинг нь мэдээллийн технологийн давуу талд тулгуурлан оюуны хөдөлмөрийг хямд өртөгтэй газар шилжүүлэх процесс юм”

- Дэлхий бөөрөнхий биш - “аутсорсинг гэдэг нь танай компаний дотоод үйл ажиллагааны нэг хэсэг болох судалгаа, дуудлагын төв, татварын тайлан гэх мэт хязгаарлагдмал функцийг өөр нэгэн компани хийгээд буцаад та хоёрын ажлыг нийлүүлэх процессийг хэлдэг”

- Олон улсын бизнес Н.Отгонсайхан - “аутсорсинг гэдэг нь аливаа байгууллага их цаг, хөрөнгө, хүч шаарддаг, үндсэн үүрэг функцээс гадуур ажлуудаа бага зардлаар, түргэн хугацаанд чанартай хийж чадах гадаад, дотоодын мэргэшсэн байгууллага, хувь хүмүүстэй гэрээ байгуулан гүйцэтгүүлэхийг аутсорсинг гэж ойлгож болно”

Энэ бүгдээс нэгтгэн тодорхойлбол:
Аутсорсинг гэдэг нь байгууллага өөрийн хийдэг зарим ажил үйлчилгээгээ гадны илүү мэргэшсэн агентлаг буюу бизнесийн байгууллага, хувь хүнээр гэрээлэн хямд, хурдан шуурхай, чанартай гүйцэтгүүлэхийг хэлэх бөгөөд тэдгээр ажлууд нь богино хугацаанд гүйцэтгэгдэх, нэг удаагийн, эсвэл тухайн байгууллагын хувьд шинэ ажил үйлчилгээ байж болно. Өөрөөр хэлбэл: Аливаа байгууллага “өөрсдөө хамгийн сайн хийж чадах ажлаа гүйцэтгэж, бусдаар хамгийн сайн хийж чадах ажлыг нь гүйцэтгүүлэх” гэсэн зарчмын дор тухайн ажил үйлчилгээний хэсгийг эсвэл бүхэлд нь гадны ямар нэг эх үүсвэрийг ашиглан явуулахыг хэлдэг юм байна.

Үндсэн 5 төрөл байдаг юм байна.

1 - Бизнесийн үйл ажиллагааны аутсорсинг (Business process outsourcing-BPO)
2 - Мэдлэгийн үйл ажиллагааны аутсорсинг (Knowledge process outsourcing-KPO)
3 - Дуудлагын төвийн аутсорсинг (call center outsourcing)
4 - Мэдээллийн технологийн аутсорсинг (Information technology outsourcing-ITO)
5 - Үйлдвэрлэлийн аутсорсинг (Fabless outsourcing)

1. Бизнесийн үйл ажиллагааны аутсорсинг (Business process outsourcing-BPO).Бизнесийн үйл ажиллагааны аутсорсинг нь байгууллага тодорхой бизнесийн үйл ажиллагаа, ажилбаруудаа гадны эх үүсвэр ашиглан гүйцэтгүүлэн аутсорсинг хийх үйл ажиллагаа юм. Тухайлбал: Цалингийн тооцоогоо өөр компаниар хийлгэх, татварын тайлангаа гадны нягтлан бодогчоор гаргуулах зэрэг. Үүнийг ихэвчлэн 2 үндсэн ангилалд авч үздэг.
- Үндсэн ажлуудыг гүйцэтгүүлэх аутсорсинг (Front office outsourcing)- Үндсэн, гол ажлуудын аутсорсинг. Маркетинг болон харилцагчийн үйлчилгээ зэрэг харилцагчидтай холбогдсон ажил функцууд байна.
- Арын албаны ажлуудыг гүйцэтгүүлэх аутсорсинг (Back office outsourcing) - Арын албаны ажлуудын аутсорсинг. Эдгээр ажилтнууд нь хэрэглэгчтэйгээ шууд харилцдаггүй бөгөөд тэдний захиалгыг авах, боловсруулах, борлуулалтыг төлөвлөх гэх мэт байгууллагын дотоод дахь ажил, үүргийг гүйцэтгэдэг ажил, үйлчилгээ байна.
2. Мэдлэгийн үйл ажиллагааны аутсорсинг (Knowledge process outsourcing-KPO). Ихэнх бизнесийн үйл ажиллагааны аутсорсинг нь тогтсон, нэгэн хэвийн гүйцэтгэх шинжтэй ажилбаруудыг агуулж байдаг бол мэдлэгийн үйл ажиллагааны аутсорсинг нь илүү ахисан түвшний судалгаа, дүн шинжилгээ, шийдвэр гаргах үйл ажиллагаа бүхий ажилбаруудыг хамардаг. Тухайлбал: эм зүйн шинжлэх ухааны судалгаа хөгжил, өгөгдөлд анализ хийх болон зохиогчийн эрхийн судалгаа гэх мэт. Энэ төрлийн аутсорсинг нь бизнесийн үйл ажиллагааны аутсорсингийн салбарын хөгжлийг гүйцэх болоогүй байгаа ч өндөр ашиг, үнэ цэнэ бүхий маш ирээдүйтэй салбар юм.
3. Дуудлагын төвийн аутсорсинг (call center outsourcing). Дуудлагын төвийн операторууд нь тусламж хүссэн хүмүүст заавар зөвлөгөө өгөх, зам болон компьютер зааж өгөх, хаяг хэлж өгөх, дансны мэдээллийг нь хэлж өгөх, гэр ахуйн засвар, цахилгаан, орон сууц, гар утасны төлбөрөө төлөх, онгоцны тасалбар захиалахаас эхлээд бараа үйлчилгээ борлуулах, айл өрх болон компаниуд руу утасдаж бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ сурталчилж, улмаар борлуулах замаар телемаркет байгуулж болно. Манайд ч эдгээр үйлчилгээнүүд тухайлбал, телемаркетинг, 4 оронтой утаснууд гээд нилээд дэлгэрч байгаа бөгөөд зарим нэг талаар дотоод аутсорсингийн үйлчилгээ үзүүлж байна гэж хэлж болох юм. Одоо гадны мэдээллийг авч үйлчилгээгээ экспортлох асуудал чухал байна. Утсаар маш олон төрлийн үйлчилгээ үзүүлж болох бөгөөд эдгээр ажилтнууд англи хэлний өндөр боловсролтой байх хэрэгтэй болдог.
4. Мэдээллийн технологийн аутсорсинг (Information technology outsourcing-ITO). Мэдээллийн технологийн аутсорсинг нь бизнесийн үйл ажиллагааны аутсорсингийн бие даасан хэсэг нь болох мэт харагддаг. Гэвч хийгдэх ажил, үйлчилгээний цар хүрээнээс хамаарч тусдаа бие дааж гарсан аутсорсингийн нэг томоохон салбар юм. Бүхий л аутсорсинг нь Мэдээллийн технологи аутсорсингийн давуу тал дээр тулгуурлан явагддаг билээ.
- Програм хангамжийн үйлдвэрлэлийн аутсорсинг
- Мэдээллийн технологийн үйлчилгээний аутсорсинг
5. Үйлдвэрлэлийн аутсорсинг (Fabless outsourcing). Үйлдвэр байгуулахгүйгээр гадны газар, капитал, хямд хөдөлмөрийн нөөцийг ашиглан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлүүлэх хандлага. Дэлхийн хэмжээнд 1999 онд ийм пүүс 500 байсан бол 2006 онд 1350 болсон байна

Эх үүсвэр нь хаана байгаагаас шалтгаалан дараах байдлаар ангилдаг.

- Оншор аутсорсинг (Onshore outsourcing) - Энэ хэлбэр нь аутсорсингийн үйл ажиллагаа нэг улсын дотор явагдаж байхыг хэлдэг. Өөрөөр хэлбэл оншор аутсорсингийн захиалагч болон нийлүүлэгч нь хоёул дотоодын компани, эсвэл иргэд байдаг.

- Оффшор аутсорсинг (Offshore outsourcing) - Захиалагч гүйцэтгэгчээ сонгохдоо хилийн чанад дахь ажиллах хүчийг ашиглаж байгаа бол үүнийг оффшор аутсорсинг гэж нэрлэнэ.

- Инсайт аутсорсинг (Insite outsourcing) - Аутсорсингийн гүйцэтгэгч компани өөрийн зарим мэргэжилтэнүүдийг захиалагч компани дээр ажиллуулан, холбогч багийн тусламжтайгаар бусад ар талын мэргэжилтэнүүдтэй холбогдож ажиллахийг хэлнэ.

- Аутсайт аутсорсинг (Outsite outsourcing) - Энэ нь аутсорсингийн захиалагч компани ажлыг гүйцэтгэхдээ тухайн гүйцэтгэгч компаний ажлын байранд байрлалгүй, өөрийн ажлын байрнаас утас, интернет гэх мэт харилцаа холбооны технологи ашиглан үйл ажиллагаагаа явуулхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл захиалагч компаний зарим ажил үйлчилгээг бие дааж явуулах хэлбэр.

Эдгээр нь хослож хэрэгжиж болно. Жишээлбэл, хилийн чанадад өөрийнх нь ажлын байранд, дотоодын компаний ажлыг өөрийнх нь ажлын байранд, хилийн чанадад байгаа компанийн ажлыг өөрийн ажлын байрнаас интернет болон утас ашиглан гүйцэтгэх гэх мэт.

Тухайлбал, хөгжиж байгаа орны мэргэжилтнүүдийг өөрийн компанид урьж баг бүрдүүлэн ажиллуулах хэлбэр байдаг ч энэ нь зардал өндөртэй учраас ажил нийлүүлэгчид төдийлөн сонирхдоггүй. Эсвэл ажил нийлүүлэгч талаас тухайн улс оронд нь гүйцэтгэгч багийг бүрдүүлээд тэнд нь цөөн мэргэжилтэн очиж ажиллах хэлбэр түгээмэл байдаг. Үйл ажиллагаа нь төлөвшсөний дараа тэдгээр мэргэжилтнүүд буцаж хилийн чанадад зайнаас ажиллах хэлбэрт шилждэг. Үүний жишээ нь Америк улс Энэтхэгтэй ажилласан туршлага юм.

Түүнчлэн цөөн тооны “гүүр- dridge” гэгдэх мэргэжилтэн ажил нийлүүлэгчээс ажил хүлээн аваад захиалагчтай харилцах үүргийг гүйцэтгэж, улмаар хүлээн авсан ажлаа гүйцэтгэгч баг руугаа өгч ажиллах хэлбэр байдаг. Энэ хэлбэр нь япон улстай аутсорсинг хийж буй орнуудад түгээмэл хэрэглэгддэг.

Мэдээллийн технологийн ажил мэргэжилүүд


Та ямар нэгэн байгууллагад ажилладаг эсэхээс үл хамааран Мэдээллийн Технологийн салбарын мэргэжилтэн болох нь ашиг тустай юм. Технологийн хурдацтай хөгжил, Интернэт хэрэглээний тууштай өсөлт зэрэг нь техникийн ур чадвар бүхий ажилтны хэрэгцээг нэмэгдүүлж байна. Мэдээллийн Технологийн салбарт шинэ эрэлт хэрэгцээ, шинэлэг зүйлст хурдан суралцах, дасан зохицох чадвар бүхий компьютерийн мэргэжилтнүүдийн шаардлага өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Эдгээр ажил мэргэжлүүдийг харуулбал дараах боломжууд Танд байна.

Үүнд:

- Компьютерийн программист нь компьютерийн гүйцэтгэх үйлдлүүдийн нарийвчилсан зааврыг бичих, шалгах, дэмжих үүрэгтэй. Мөн тэд компьютерийн хариу өгөх логик бүтцийг томъёолж, зохион байгуулан бас шалгана. Програм нь холбогдох буюу гаргах мэдээллийн төрлөөс хамаарч хувирч байдаг. Программистууд нь голдуу хоёр төрөлд хуваагддаг.

Үүнд:
- Хэрэглээний програм зохиогч
- Системийн програм зохиогч

Хэрэглээний програм зохиогч нь тодорхой ажил үүргийг биелүүлэх программын кодыг бичдэг, тухайлбал: Microsoft Word зэрэг хэрэглээний програмын кодыг бичсэн программистууд юм.
Системийн програм зохиогч нь, харин эсрэгээрээ Microsoft-ийн Windows зэрэг үйлдлийн системийн програм зохиогчид юм.

Програм хангамж зохиогч
Бүх салбар дахь компьютерийн гайхамшигтай өсөлт нь програм хангамж зэрэг янз бүрийн түвшний ажлуудыг нээж өгсөн. Компьютерт програм хангамж шаардлагатай учир хүн төрөлхтөнд ямар ч алдаагүй програм хангамж зохиогч маш их эрэлттэй байна. Програм хангамж зохиогч нь техникийн авъяас чадвараа ашиглан програмын кодыг бичдэг. Хэрэглэгчдэд боломж олгох тэднийг сэтгэл ханамжтай байлгахын тулд технологийн хязгаар руу тэмүүлэх хүсэл эрмэлзэлээр нэгдэн чадварлаг баг болон ажилладаг.

Програм хангамжийн инженер
Програм хангамжийн инженер нь ерөнхийдөө өсч буй программуудын хүрээнд шинэ технологиудыг нийлүүлэн шинэ компьютерийн програм хангамжийн системийг боловсруулж, зохион бүтээдэг. Энэ салбарын мэргэжилтнүүд нь хэрэглэгчдийн хэрэгцээг судалж, програмын зорилгоос хамааруулан хэд хэдэн төрлийн программчлалын хэлийг ашиглан хэрэглээний програмыг боловсруулдаг. Технологийн салбар дахь зогсолтгүй өөрчлөлт болон түргэн өсөлтийг даган, компьютерийн програм хангамж зохиогчдийн хэрэгцээ улам бүр өсч байна.

Мэдээллийн Технологийн боловсрол ба сургалт
МТ-ийн салбарын өсөлтийг даган олон тооны мэргэжилтнүүд шаардагдаж байна. Энэ чиглэлээр сургалт явуулдаг хэд хэдэн сургуулиуд, сургалтын төвүүд байх бөгөөд тэдгээрт чадварлаг багш нар хэрэгцээтэй байна. Хэрэв та технологид нь суралцсан бөгөөд багшлах хүсэлтэй бол энэ бол таны хувьд сайн сонголт юм.

Өгөгдлийн сангийн Администратор
Өгөгдлийн сангийн Администратор нь голдуу өгөгдлийг үр ашигтай задлан, ойлгогдохуйц хэлбэр рүү оруулахын тулд өгөгдлийн сангийн удирдлагын системийн програм дээр ажилладаг. Өгөгдлийн сангийн Администратор нь байгууллагын гүйцэтгэл, аюулгүй байдал болон платформ зэрэг өгөгдлийн системийн бүх хэсгийг хариуцах үүрэгтэй.

Сүлжээний систем ба Өгөгдлийн холбооны Шинжээч
Шинэ технологид зориулан системийг хөгжүүлэх, дэмжих өндөр чадвар бүхий ажилтнуудын хэрэгцээ улам бүр өсч байна. Системийн шинчээчид нь голчлон байгууллагын хэрэгцээнд нийцэх компьютерийн технологитой холбоотой асуудлыг шийдвэрлэнэ. Сүлжээний систем нь өгөдлийн холбооны шинжээч нь хамгийн эрэлт хэрэгцээтэй ажлын байрны тоонд зүй ёсоор орж байна.

Техникийн бичээч
Техникийн бичээч нь төрөл бүрийн бүтээгдэхүүнд зориулсан хэрэглэгчийн зөвлөмж, брошур, болон мэдээ мэдээллийг бичнэ. Техникийн бичээч нь технологид зориулсан баримт бичгүүдийг боловсруулдаг. Тэд өөрийн уншигчиддаа зориулан нягт нямбай, сонирхолтой, ойлгогдохуйц, тус болох текстүүдийг бичих үүрэгтэй. Техникийн бичээч нь төрөл бүрийн химийн салбарууд, агаарын тээврийн үйлдвэрүүд, робот, VCR буюу дижитал камер зэрэг электрон бараанууд, биотехнологи, програм хангамж, компьютерийн техник хангамж зэрэг олон төрлийн салбаруудад хэрэгтэй.

Контент боловсруулагч
Контент буюу мэдээ боловсруулагч нь вэбсайтын мэдээ, материалыг бэлддэг гол хүн юм. Контент боловсруулагч нь вэбсайтад нийтлэгдэх бүх мэдээ, материалуудыг бичих, хянах, засварлах үүрэгтэй. Вэбсайтыг амжилттай ажиллуулахын тулд сонирхолтой, анхаарал татсан хэлбэртэй байх нь маш чухал юм. Бичих эв дүй, мэдээллийг эрж хайх, түүнийг хянан засварлах болон тайлбарлах нь контент боловсруулагчийн чухал чадварууд юм. Мөн хэлийг зохион байгуулах, шүүмжлэлтэй сэтгэх бодох болон бусдад мэдээлэл дамжуулах чин хүсэлтэй байх зэрэг нь эзэмших ёстой ур чадварууд юм.

Техникийн тусламжийн ажилтан
Техникийн тусламжийн ажилтан нь хэрэглэгчидэд техникийн тусламж, дэмжлэг, болон зөвлөгөөг үзүүлдэг. Тэд техник ба програм хангамж, системд учирсан асуудлуудыг тодруулж, техникийн тусламжийг үзүүлэх; асуудлыг автоматаар илрүүлэгч програмыг ашиглан анализ хийх; компьютерийн техник ба програм хангамжуудыг суулгах, өөрчлөх, засварлах, цэвэрлэх; болон утасны дуудлагад хариулж, хэрэглэгчээс ирүүлсэн техникийн тусламж хүссэн и-мэйлд хариулах үүрэгтэй.

Системийн гүйцэтгэл
Системийн гүйцэтгэлийн зөвлөх нь байгууллага буюу компаниас хамааран өөр, өөр нэрийн доор ажиллаж болно. Төслийн менежер, системийн архитектор, мөн гүйцэтгэлийн мэргэжилтэн нь энэ албан тушаалтай ижилхэн юм.

Техник хангамжийн дизайн
Энэтхэгийн программ хангамж болон цахилгаан холбооны үйл ажиллагаа явуулах мэдээллийн технологийн компаниуд нь шинээр гарч ирж буй техник хангамжийн дизайны үйлдвэрүүдэд анхаарлаа хандуулж байна. Техник хангамжийн дизайн нь системийн түвшин ба бичил схемийн (chip) дизайн гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Системийн түвшний дизайны мэргэжилтнүүд нь байнга хэрэгцээтэй байна.

Систем Администратор
Систем Администратор нь сервер суурилуулах, вэбэд суурилсан төслүүдэд зай хувааж өгөх ба зохион байгуулах, и-мэйл хаяг болон мэйлинг лист үүсгэх, өгөгдлийн санг удирдах ба нэгтгэх, гадаад ба дотоод сүлжээний аюулгүй байдлыг хангах, firewall ба зөвшөөрөл олгох системийг суурилуулах, мэдээллүүдийг тодорхой хугацаанд хадгалж байх (backup), тайлангийн ажлыг автоматжуулах, мөн шаардлагатай үед нь програм болон техник хангамжуудыг шинэчилж байх (update) үүрэгтэй. Үүн дээр нэмээд, систем администратор нь одоо байгаа системийг нэгтгэх болон шинэчлэх үүрэгтэй.

Вэб зохиогч
Вэб зохиогч нь вэбсайт хийх, дизайн гаргах, болон засварлах үүрэгтэй. Мөн программчлах болон өгөгдлийн сангийн администратор зэрэг ажлуудыг хийнэ. Вэб дизайн ба контентийн удирдлага зэрэг нь ерөнхийдөө хариуцах ёстой ажил биш боловч эдгээр ажил үүргүүд нь хоорондоо нягт уялдаатай ажилладаг.

Чанарын баталгаа
Энэ нь програм хангамжийг ашиглагдах хугацааны туршид тогтоосон стандартууд болон журмын дагуу хянана. Стандартын дагуу чанарыг шалгасан эсэх нь ажиглалт, бүтээгдэхүүний ба аудитын үнэлгээгээр илэрнэ. Вэбийн компаниуд болон програм хангамжийн фирмүүд нь, чанарын баталгааны мэргэжилтнүүд нь асуудлыг шинжилж, оновчтой шийдвэрийг санал болгодог.

Тусламж үзүүлэх утас / Call center /
Бизнес үйл явцын аутсоурсингийн чиглэлээр ажилладаг байгууллагад дуудлагын төвөөс авахуулаад хүний нөөц, хууль, маркетинг, захиргаа зэрэг хэлтсүүдэд ажиллах төрөл бүрийн ажлын байрны боломжууд байдаг. Бизнес үйл явцын аутсоурсингийн ажил мэргэжил нь дуут (телефон утасны үйлчилгээ) болон дуут-бус (и-мэйл, чат) хэлбэрээр дамжуулан хэрэглэгчидтэй харилцах, ажил хэрэг явуулах, телемаркетинг, техникийн тусламж буюу хэрэглэгчийн мэдээлэлд анализ хийх зэргийг хариуцдаг. Мөн санхүү ба нягтлан бодох бүртгэл зэрэг арын албаны ажил хэргийг хариуцан ажиллана.

Интернэт/Интранет хөгжүүлэх
Вэбээр дамжуулсан бизнес эрхлэх компанийн тоо өсөхийн хирээр Интернэт мэргэжилтний хэрэгцээ ч нэмэгдэж байна. Мөн, бизнесээс бизнес ба хэрэглэгч рүү чиглэсэн электрон худалдаа өсөхийн хирээр, техникийн ба бизнесийн ухаанд нэвтэрхий мэргэжилтнүүд эрэлттэй болж байна. Энэхүүү албан тушаалын нэр нь вэбмастер, вэб хөгжүүлэгч, е-бизнесийн шинжээч зэрэг нэрээр явна.

Е-худалдаа
Е-худалдааны мэргэжилтнүүд нь энэхүү хурдацтай тэлж буй борлуулалтын сувгийг олж нээн, хөгжүүлэх үүрэгтэй. Е-худалдааны мэргэжилтэн нь Е-Бизнес ба Е-Худалдааны талбарт үйл ажиллагаан, маркетинг, техникийн тусламж ба захиргаа зэрэг менежментийн үүргийг ролийг хариуцна. Интернэт бизнесийг стратегийн төлөвлөгөөндөө тусгасан том корпорациудад олон хүмүүс Зөвлөх болон ажиллаж байна. Компаниуд нь B2B oнлайн үйл ажиллагаагаа сайжруулах, Интернэт худалдааг амьдралд нэвтрүүлэх, буюу Е-Худалдааны өрсөлдөөнийг судлах хэрэгтэй болж магадгүй юм.

Сүлжээ
Сүлжээ нь байгууллагууд мэдээллээ хуваалцах, үр ашигтайгаар хамтран ажиллах, Интернэт ба Интранэтэд нэвтрэхэд тусалдаг. Сүлжээний администратор нь бусад ажлынхаа хажуугаар, гол компьютерийн сервер дэх файлуудыг удирдах, системийн аюулгүй байдлыг хангах, файлуудыг хадгалах / back-up/ ажлуудыг хариуцна. Үүний дараагийн хариуцах ажил бол Сүлжээний Менежерийн үүргийг хүлээнэ. Тэд нар сүлжээний чадамж ба бизнесийн орчноос хамаарч хир хэмжээг тодорхойлох, сүлжээний системийн зохион байгуулах, хэрэглэгдэх програм ба техник хангамжуудыг сонгох, сүлжээг суурилуулах болон эцэст нь цаашид боловсронгуй болгох асуудлыг анхаарна.

Өгөгдөл/Өгөгдлийн сангийн Удирдлага
Өгөгдлийн сангийн мэргэжилтэнд Oracle, SQL ба PL-ийн мэдлэг шаардлагатай. Өөр нэг хөдөлгөөнт бүс бол харилцан хамаарал бүхий өгөгдлийн санг үүсгэх, шинэчлэх, болон удирдах Өгөгдлийн сангийн удирдлагын систем юм. Харилцан хамаарал бүхий Өгөгдлийн сангийн удирдлагын систем нь хэрэглэгчийн оруулсан буюу програмд агуулагдах SQL командуудаар ажиллах бөгөөд өгөгдлийн санг үүсгэх, шинэчлэх буюу нэвтрэхэд тусална.

Эцсийн хэрэглэгчид туслах алба
Хэрэглэгчид туслах цэгийн мэргэжилтнүүд нь хамгийн эрэлттэй байна. Компаниуд нь бизнесийн үйл ажиллагаагаа онлайн хэлбэрт шилжүүлснээр технологи нь эцсийн хэрэглэгчид улам ойртож, гадаад болон дотоод хэрэглэгчдийг дэмжих ба сургах чадварлаг боловсон хүчний хэрэгцээ улам бүр өсч байна. Энэхүү техникийн тусламжийн мэргэжилтнүүд нь тусламжийн албаны шинжээч ба менежер, системийн администратор, техникийн зааварлагч зэрэг нэртэй байна. Туршлагатай эцсийн хэрэглэгчид туслах албаны мэргэжилтнүүдийн хэрэгцээ маш их байна.

ЭХ ОРОН минь БИДНИЙГ дуудаасай...

2009 онд нэгэн эрхэмийн бичсэн нийтлэлийн энд олзуурхан орууллаа.

Олон жилийн өмнө залуус илгээлт авч хөдөөг зорьдог моод байж. Байж ч гэж байсан гэсэн. Яагаад гэвэл тэр цагт бидний үеийнхэн дөнгөж төрж эхэлж байсан , зарим нэгнийг төрүүлэх тухай эцэг эх нь хэлэлцэж байсан үе. Малчин , ажилчны эгнээг гал халуун залуу насны ааг , хүч золбоогоор өөд нь татаж алс холын хөдөө суурин , сумдыг хөгжил дэвшил , хүн зоноор бялхааж байж.

Одоо хөдөөгийн аль нэг сумаар ороход гайхан ферм, тарианы үтрэм , сумын улаан булан гэх мэт газрууд тэр цагийн залуу эздээ санан гунихарч байх шиг уйтайхан үзэгдэнэ. Аав , ээж маань Завхан аймгийн харъяат. Дунд сургуулийн зуны амралт бүрийг Тэс , Баянтэс сумын нутгаар өнгөрөөдөг байлаа. Тэр үед харсан нэг зүйл Тэс суманд байх тарианы үтрэм. 6 билүү 7 давхар шиг санагдана. Хүүхэд байхад их л өндөр санагддаг байж билээ. Аль ч сумын наадам болоход жилээс жилд сумын иргэд багасаж байгаа нь мэдрэгдэх юм даа гэсэн нэгэн даргын яриаг сонсоод өнөөх л их хотыг чиглэсэн нүүдэл гэдэг зүйл хөдөөгийн эгэл ард иргэдийг маань хар домын шидээр өөр рүүгээ татаад байх мэт.

Хөдөөнийх нь хот руу , хотынх нь гадаад руу цуварсан их урсгал. Гадаадад гарч байгаа хүмүүсийн ихэнх нь залуус. Бараг бүгд залуус гээд хэлчихэд нэг их буруудахгүй дээ. Хайран залуус. Үлдсэн хэд нь ингэж халагласаар , олсон хэдэн төгрөгийг нь хураах нь хурааж , үрэх нь үрсээр... Улс эзгүйрсээр.

Гэхдээ бас харамсахааргүй. Явсан нохой яс зууна гэж үг бий. Хүний нутагт ирээд хог ялгадаг ажил хийж байсан ч хөгжилтэй орны ёс заншил , техник технологи , хэл соёл гээд олон зүйлийг сураад очно. Гэхдээ хэзээ очих вэ?

Хэрвээ Монголд очоод үүнтэй дүйцэхээр цалинтай ажил байдаггүймаа гэхэд ядаж далан хувийг нь авдаг ажил байвал шууд л буцлаа гэж хэлэх залуусыг олонтоо харж тэдний шүдээ зуун мөнгө олж , гэрээ , нутгаа , эх орноо , өөрийн гэсэн бүхнээ санаад уйлж суугааг нэг биш удаа харсан. Гэвч тэд гурван жилийн гэрээний хугацаа дуусаад нутаг буцах нь ховор. Яагаад энэ вэ?

Арай амгалан тайван орчинд , хийснийхээ хэрээр , мэддэг чаддагаа үнэлүүлж амьдарна гэдэг залуу хүмүүст ам дүүрэн хий магтаалаас хавьгүй үнэтэй. Гэхдээ бүх л насаараа ингэж амьдрах уу? Уужим тал нутгаа , уяхан шууранхайт уртын дуугаа санан санан энэ насаа харийн нутагт илээх гэж үү? Ийм зүйл хийлгэхгүйн тулд бид өнөөдөр нэгийг бодох цаг болж. Бид биш та нар. Яагаад гэвэл бид тэр гадаад гарсан дүрвэгсэд. Монголд үлдсэн ихэнх хүн биднийг ингэж нэрлэдэг. Эх орноосоо урван зугатаж , харьд одогсод гэж. Гэвч тэднээс илүү бидний зүрх сэтгэлд эх орон гэдэг хичнээн үнэтэй зүйл байдгийг тэд мэддэггүй , мэддэг нэг нь хэнд ч хэлдэггүй...

Наяад оны илгээлтийг дахин сэргээхсэн. Энэ олон сайхан боловсон хүчнээ, ажил хөдөлмөрийн амт шимтийг мэдэрсэн чадварлаг залуусаа Монголдоо урин дуудахсан. Өнөөдөр Их сургууль төгсөөд хотод үлдэх сонирхолтой залуус хөдөө орон нутагт очиж ажиллах залуустай харьцуулахааргүй их болж. Аймгийн ямар ч билээ нэг байгууллагын зардлаар сурчихаад Их сургууль төгсөнгүүт хотод үлдэхийн тулд эмнэлэгийн худлаа акт бариад гүйж явсан нэг залууг би таних юм. Тэр үед анзаараагүй өнгөрсөн зүйлийг одоо эргээд бодоход үнэхээр харамсмаар.

Хөдөөд хангалттай ажлын байр байгаа. Бүр мэргэжилтнүүдээр цангачихсан байгаа гэхэд хилсдэхгүй. Гадаадад (миний мэдэхээр Солонгост) сурдаг олон залуус Монголдоо очиж ажиллах юмсан гэж боддог. Нэгэн найз минь хүртэл би заавал Монгол явна гэж ярьж суугааг нь сонсоход бахархмаар.

Тэгвэл улсаас жилд хэрэгтэй байгаа ажлын байрны тоог судлаад гаргаж байгаасай. Хөдөө орон нутагт очиж ажиллаж байгаа залууст сарын цалингийн тодорхой хувиар нь урамшуулан шагнаж байгаасай. Мэдээж хөгжилтэй орны тохилог нөхцөлд амьдраад очсон хүмүүст тохь тухтай байх талаас нь бодолцоосой. Заавал тансаг орд харш гэхгүй л дээ. Гэрэлтэй , дулаан байр , дэлхий дахинтай харилцах интернэт , мэдээллээс хоцорчихгүй байх боломжуудыг нь бүрдүүлээд өгөөсэй. Их Хурлын гишүүд идэж уусан гэж хардаж сэрдэгдэж суугаа тэр их мөнгөнийхөө хэдхэн хувийг үүнд зарцуулчихвал хэцүү биш мэт л санагдах юм.

Өнөөдөр сургуулиа төгсөөд Монгол буцсан ч ажил хайх , ажилд орохын зовлон их. Мэдээж танил тал , мөнгө төгрөг. Оюутнууд хичээлийн хажуугаар ажил хийж мөнгө олдог ч тэр нь хэрэглээндээ зарцуулагдаад л дуусна. Тиймээс тэдэнд юуных нь мөнгө байхав . Бас олон жил эх орондоо байгаагүй бол танил тал ч бас л хомсхон болсон байх вий.

Намайг магистрын зэргээ хамгаалчихаад Монголд очих уу? гэж олон хүн асуудаг. Тэгнэ гэж ам бардам хариулсан ч сэтгэл нэг л гундуу. Очоод яах билээ гэсэн бодол сэтгэлийн угт зүүгдээстэй. Тэгвэл энэ л сэтгэл дэх тэр жижигхэн очийг олоод жаахан ч гэсэн өрдөөд өгөөсэй. Бүгд биш гэхэд лав л тал орчим хувь нь эргэж ирнэ гэдэгт би итгэлтэй байна. Эхний ирсэнүүд нь сэтгэл хангалуун ажилж амьдраад эхэлбэл дараа дараагийнх нь ч гэсэн дагаад л ирнэ. Өндөр чадалтай , мэдлэгтэй , ажлын дөртэй залуус цуглавал эх орноо хөгжүүлэх тийм хэцүү гэж үү?

Хар ажил хийлээ гээд тэр хүн хэн ч биш болно гэж боддог хүн олон. Гэтэл хамгийн чухал хүмүүс гэдгийг хэн ч ойлгодоггүй. Солонгост олон салбарт Монголчууд ажилладаг. Мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүс хуучин үйлдвэрүүдээ сэргээж үйлдвэрт ажиллаж байгаа залуусыг ажиллуулаасай. Барилга дээр ажилладаг хүмүүс ч олон. Тэр үзэн ядаж , харааж зүхээд байдаг Хятдуудыг гаргаад оронд нь өөрсдийн залуусаа хангалттай цалинг нь өгөөд ажиллуулдаг бол ч. Ингээд яриад байвал их зүйл бий. Монголд хэрэгтэй , шаардлагатай бүх л мэргэжил , мэргэшлийн хүмүүс гадаадад бэлтгэгдэж байгаа гэдгийг төр засгийн удирдлагууд минь сайн тунгаан бодоосой.

Улс орон минь хөгжихгүй байна гэж халаглаж суухын оронд хөл гар нийлүүлэн бүхнийг эхнээс нь эхлүүлье. Бүр хөрснөөс нь , үндэс сууриас нь эхэлье. Бид чадна . Бидэнд юу дутагдах юм бэ?

Эх орноо гэсэн сэтгэл , залуу халуун нас , ухаан , хүч чадал байхад бид хэний дор орж амьдрах ёстой гэж?

ЭХ ОРОН МИНЬ БИДНИЙГЭЭ ДУУДААСАЙ. Эргэж очоод бүхнийг хөгжүүлэх хүсэл эрмэлзэл, сэтгэл , зориг дүүрэн байгаа шүү гэдгийг ард түмэн минь мэдрээсэй...

Эх орон тийш хөврөх ардын зам дардан байг......

Мэдээллийн эх сурвалж